
90 оны эхээр Японд сурахаар очоод долоон жил болсон тул энэ орон миний залуу настай олон дурсамжаар холбоотой. Япон улсын алдарт Фүжи уул орших Шизүока мужийн Хамамацу хотын Анагаах ухааны их сургуульд очихын өмнө Айчи мужийн Нагоя хотын их сургуульд (товчлоод Мэйдай гэдэг) япон хэлний хурдавчилсан, зургаан сарын дамжаанд суралцав. Хожим энэ сургуулийн япон хэлний сургалт дэлхийд алдар цуутайг мэдэж авсан. Тус сургуулийн гадаад оюутны байр сургуулиас 30 минут алхах зайнд орших, 70-аад онд баригдсан хуучин барилга байв. Биднийг тус байранд амьдарч төвхнөхөд гэрийн ажилтай япон авгай нар, Япон оронтой танилцахад Японы нэртэй пүүсүүдэд ажилладаг бизнесмэнүүд (салариман гэж бас нэрлэнэ) их тус болсон юм. Тэдний нэг болох Асай-санг (сан нь гуай гэсэн үг) энд товч танилцуулья. Баруунд боловсрол эзэмшсэн, Японы нөлөө бүхий компанид ажилладаг, үс нь сорлож яваа туранхай, бөлтгөр, намхан нуруутай Асай-сан нэг өдөр хаалга тогшоод, "Өөрөө монгол оюутан уу? гэж зөөлөн дуугаар асууж, нүүр дүүрэн инээсээр орж ирж билээ. Тэр хүний өмссөн зүүснээс юуны түрүүн бугуйн дахь модон эрхи нь нүдэнд тод тусав. Эрхи нь хоёр толгойтой, 112 ширхэг, тэгээд олон цацагтай этгээд сонин байлаа. "Би өөрөө харийн оронд сурсан тул өөр соёлд ороод, хэл сурах гэж их тэвддэг болохыг сайн мэднэ. Тэгээд ч би зав чөлөөгөөрөө гадаад оюутанд Япон орныг танилцуулах дуртай. Баатар-сан англиар ярих тул харилцахад тун амар байна." гэж хэлж билээ. Тэрээр надад Японы Нара, Киото зэрэг эртний нийслэлүүдийн сүм хийдүүд, Мэйжигийн тосгон, Иноувэгийн Нинжагийн байшин, Химэжи цамхаг гээд олон сайхан газрыг цаг, мөнгөө үл харамлан үзүүлсэн юм. Сайн нөхрийн буянд юм үзэж нүд тайлж авав. Оюутан хүн өртөг өндөр Япон улсад өөрийн дураар хол хол аялан сэлгүүцэх бэл бэнчин хаанаас байх билээ. Тэгж би японы соёлтой гүнзгий танилцах болсон юм. Асай-сангийн гэр Цүрүма галт тэрэгний өртөөнд ойрхон. Хагас сайны өглөө 7 цагт тус өртөөний автобусны зогсоолоос намайг авна. Тэгээд хурдны Томэй (Токио Нагоя), Мэйшин (Нагоя Осака) хурдны зам руу орохын өмнө ойролцоох жинжа (Шинто шашны) мөргөлийн газар очоод, хоёр алгаа хавсарч, "Холоос ирсэн эрхэм зочинтой хурдны осолтой зам дээр одоо гарлаа. Осол аюулгүй, эсэн мэнд аялаад ирэхийг бурхан танд даатгая. Өршөөж хайрла!" гэж залбирна. Буцаж ирэхдээ хичнээн ядарсан ч өнөө жинжа дээрээ ирээд, "Бурхан таны авралаар бид осол эндэлгүй, эсэн мэнд яваад ирлээ. Өршөөж ивээсэн тандаа их баярлалаа." гэж залбирна. Явах болгондоо ингэж жинжад залбирна. Би саваагүйтээд, "Та их сүжигтэй хүн юм. Байнга жинжад ингэж залбирах юм. Жинжа бол тэнгэр, газар ус шүтдэг Шинто шашны мөргөлийн газар. Манайхаар бол бөөгийн онгодын орон" гэв. Асай гуай алаг нүдээ эргэлдүүлэн инээж, "Би бурханы шашинтай. Манай гэр бүл мянган жил бурханы шашин шүтэж ирсэн. Шинто бол түүнээс өмнө байсан шашин тул бид мөн жинжад ялгалгүй мөргөдөг. Ихэнх япон хүний сэтгэлийн гүнд энэ хоёр шүтлэг ямагт хамт явдаг. Барууны соёл дагасан болохоор Христийн сүмд би хуримаа хийсэн. Тэр бол хэлбэр төдий л зүйл. Үнэндээ би аз дуудахаараа, аврал ирэхээрээ жинжад хүрнэ, төрөл арилжихаараа бурханы сүмээр дамжина. Өглөө бүр би босоод, бурханыхаа гүнгэрваанд залрах аав, ээжийн хөргөнд мөргөж, за хүү нь өнөөдөр ажил үйлсээ бүтээгээд, амар мэнд та хоёртоо орой эргээд ирнэ ээ гэж залбирдаг" хэмээж билээ. Асай-сангаас би юу олж харсан бэ? гэхээр уламжлалаа хэзээ ч хаядаггүй, уулын бугыг хараад унасан морио орхидоггүй, япон хүний ясны мөн чанарыг мэдэрсэн юм. Асай-сантай одоо ч би харьцаатай. Танилцсан хойноо тагнайн хоёр судал шиг явдаг тэдний мөн чанарт бас дуртай би.
Ш.Баатар 2018.7.20 Сан Франциско (Хожим нэгэн номд орно)