
Япон улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл болох Н.Ганчимэгтэй ярилцлаа
Цар тахлын үед Япон дахь монгол иргэдийн нөхцөл байдал ямар байгааг, тус улс дотооддоо ямар арга хэмжээ авч буй талаар түүнээс тодруулан, ярилцсан юм. Гунма муж дахь "Ниппон академи"-ийг төгссөн тэрбээр сэтгүүлчийн хувиар цаг үе, нөхцөл байдлын мэдээллээс хуваалцсан юм.
-Коронавируснээс шалтгаалан гадаад дахь монгол иргэд хүнд нөхцөлд байгаагаа сошиалаар илэрхийлцгээж байна. Өөрийн тань амьдарч байгаа Япон улсын Гунма мужид нөхцөл байдал ямар байна вэ. Өөрөө сэтгүүлч хүн болохоор нөхцөл байдлыг “өнцөг”-тэй харж байгаа байх л даа?
-Америк, Энэтхэг, Турк, Орост байгаа монголчуудын нөхцөл байдалтай харьцуулахад Японд нөхцөл байдал тайван байна. Нийтийн тээвэр болон олон хүнтэй газраар явахдаа коронавирус наагаад гэртээ орчих вий гэх багахан айдсыг эс тооцвол коронагүй үе шиг хэвийн амьдралдаа орцгоосон. Япон улсын хэмжээнд ажил, сургууль жигдэрсэн. Зарим зугаа цэнгэл, тоглоом наадмын үйлчилгээ үзүүлдэг газрууд хараахан бүрэн нээгдээгүй. Одоогоор архи дарсны газар, зочид буудал, жуулчны бааз зэрэг газрууд үйлчлүүлэгч цөөтэй, эдийн засгийн алдагдалтай байх шиг. Гэхдээ ямар нэгэн алдагдалд орж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд хүүгүй зээл нээлттэй олгож байна. Мөн Японд аяллаар ирэх иргэдийн онгоцны зардлыг даах, зочид буудалд үнэгүй байлгах, үнийг нь хөнгөлөх гэх мэт алдагдалд орсон салбаруудаа тэр дор нь дэмжих, жуулчдыг татах гэх мэт бодлогуудыг дор бүр нь гаргаад хэрэгжүүлж байна. Манай Гунма аймагт бол хорио цээрийн үед ч хүмүүс ажил, орлогогүй, орон байргүй болж, өлсөж цангасан зүйл байхгүй. Үйлдвэр, дэлгүүрүүд хэвийн ажиллаж байсан. Харин ресторан зочид буудлын ажиллах цаг нь багассан. Зарим нь түр үйл ажиллагаагаа зогсоогоод, үндсэн ажилтнаа цалинтай амраасан. Цагаар ажилладаг оюутнууд цалингүй амарсан боловч ихэнх оюутнууд хоёроос гурван ажил давхар хийдэг тул ямар ч байсан нэг юм уу, хоёр ажилтайгаа байлаа.
Эсрэгээрээ сургууль амарсан тул хичээл хийдэг цагтаа ажил хийж өмнөхөөсөө илүү орлого олсон оюутнууд ч нэлээд бий. Угаасаа ажил хийх зөвшөөрөлгүй аяллаар ирсэн, эсвэл сургуулиа төгсөөд виз нь дуусах дөхсөн, Монгол руу буцахаар төлөвлөсөн байтал нислэг цуцлагдаад гацсан хүмүүсийн тухайд ажилгүй байсан тал бий. Саяхнаас виз нь дуусаж байгаа хүмүүсийн визийг автоматаар зургаан сараар сунгаж, хүсвэл ажил хийх зөвшөөрөл дарж өгч байна. Аяллын визээр ирсэн хүн бол угаасаа ажиллаж болдоггүй. Солонгос шиг гурван сараар ирээд ажиллах боломж Японд муу. Ажил ховор. Бүх зүйл хууль дүрэм, журмын дагуу явагддаг. Гэвч аяллын визээр ирээд барилга, газар шороо, тариа ногооны ажилд ажиллаж буй хүмүүс мэр сэр бий. Хүнд хэр нь цалин бага. Хорио цээрийн үед Японы Засгийн газраас шуурхай шийдвэрүүдийг гаргасан. Жишээлбэл, албан ёсоор оршин суудаг япон иргэний үнэмлэх буюу зайро карттай бүх хүнд 10 ман иен буюу монголоор 2.5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож эхэлсэн. Нас хүйс гадаад дотоод хамаарахгүй хүн бүрд өгч байгаа энэ мөнгө хүмүүсийн дансанд ороод эхэлчихсэн.
-Өөрийн тань ойр тойронд байгаа Монгол иргэд энэ тусламжид хамрагдаж байна уу?
-Миний эргэн тойрны арван хүн тутмын долоогоос, найм нь арван мянган иенээ авсан байна. Яг идэх хоолгүй, орох байргүй болж, гудамжинд хонож буй монгол хүн японд үнэндээ байхгүй. Эх орныг нь зориод ирсэн гаднын хүнийг арай ч тийм байдалд оруулах орон биш. Зарим нэг зочид буудал аяллын визтэй хүнийг үнэгүй байрлуулж эхэлсэн. Мөн монгол хүн байргүй боллоо гэсэн мэдээлэл гарангуут энд олон жил амьдарсан монгол залуус бие биеэ дэмжээд, үнэгүй байрууд бэлдчихсэн. Байргүй болсон хүн нь ирж амьдраарай гэж зар явуулаад л байна. Очиж байгаа хүн ховор. Харин Япон орныг богино хугацаанд үзчихээд буцъя, сургуулиа төгсөөд шууд харина, гурван сар аялчихаад л харина гэж тооцоолсон, бага насны хүүхдээ орхиод ирсэн ээж, эсвэл энд байдаг хүүхэд дээрээ түр ирээд буцах гэж байсан өндөр настан зэрэг хүмүүс байна. Тэдний хувьд энд хэт удахаар ар гэртээ санаа зовох, агаар ус таарахгүй байх гэх мэт асуудлууд бага сага гарч байгаа. Уг нь онгоц явбал ээжийгээ явуулчихмаар байна. Цай унд нь тохирохгүй хэцүү байх шиг байна. Хүүхэд, хөгшид дээрээ очихсон гэж буй хүмүүс бол бий.
Үргэлжлэл
https://zindaa.mn/39lt?fbclid=IwAR2z69PcoyT4R0OTjaPr1_kfKFe0XVHx-dWnI7JIw1YI_vK5XHL2xhdlIlQ