
Японд очсон хүн бүр эхлээд л алдарт Фүжи уулыг харахыг хүсдэг нь гарцаагүй.
Фүжи уул нь агаарт хуримтлагсан тоосонцор ,манан будангаас хамаарч жилдээ
180 аад л хоног харагдана.Яманаши муж болон Шизүока мужийн заагт оршдог
Японы хамгийн өндөр бөгөөд бүх талаасаа адилхан хэлбэртэй харагддаг тэгш
хэмээрээ алдартай уул билээ.
Өндөр нь далайн түвшнээс дээш 3776 метр, баруунаас зүүн тийш 35 километр,
хойноос урагш 38 километр сунаж тогтсон уул юм. Фүжиг галт уул гэдгийг
хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл хамгийн сүүлд Хоэйгийн 4-р он буюу 1707 онд
оргилж байжээ. Түүний тогооны диаметр нь 800 метр, гүн нь 200 метр юм
байна.
Фүжи уулын нэрний тухайд эрт дээр үеэс олон янзаар тайлбарлаж ирсэн ба
хамгийн түгээмэл нь Фүжияма буюу өөр харьцуулах зүйл үгүй цор ганц өндөр
оргил гэсэн утгатай гэж үздэг. Түүнчлэн Такэторигийн үлгэрт гардгаар бол Фүжи
уулын нэр нь үхэшгүй мөнхийн уул гэсэн утга бүхий Фүшисан гэдэг нэрнээс
гаралтай гэдэг. Уг үлгэрийг товчлон хүргэе.
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь нэг удаа
түлээнд явжээ. Ойн гүнд явж байтал нэг хулс модноос гэрэл цацарч байхыг олж
үзээд очин цавчиж унагаавал дотор нь нэг хөөрхөн охин сууж байжээ. Ингээд
өвгөн эмгэн хоёр охинтой болсон юмсанжээ. Өдөр хоног өнгөрч охин нь харсан
хүн болгон дурламаар хачин сайхан хүүхэн болжээ. Ойр хавийн 5 залуу гэрлэх
хүсэлт тавьсан боловч охин тэр болгонд бүтэшгүй даалгавар өгч залуусын
сэтгэлийг гонсойлгож байлаа. Түүний тухай сураг хаанд хүрчээ. Хаан бас
түүнтэй гэрлэхийг хүссэн боловч охин өөрийгөө сарнаас ирсэн, миний буцах цаг
удахгүй болно гэв ээ. Хаан ч охиныг сар луу буцаалгахгүйн тулд хэдэн давхар
хамгаалалт тавьсан боловч нэмэр болсонгүй, охин өсгөж өндийлгөсөн аав ээж
хоёртоо баярласнаа илэрхийлэн хувцас хунар, мөнхийн ус өгөөд сар луугаа
одно. Өвгөн эмгэн хоёр хайртай ганц охингүйгээрээ мөнх амьдраад ч яах билээ
хэмээгээд өндөр уулын оройд асгаж орхино. Ийнхүү уг уулыг Фүши буюу
үхэшгүй мөнхийн уул гэж нэрлэх болсон домогтой. Энэ нь явсаар Фүжи болсон
гэдэг.