
Орчин цагийн Японы ухамсрыг эртний домог, үлгэрүүдтэй хослуулсан “Spirited Away” буюу “Сүнсэнд туугдагсад” кино бол жинхэнэ урлагийн бүтээл.
2001 онд нээлтээ хийсэн энэ киног алдарт анимэ найруулагч Хаяао Мияазаки хийсэн ба киноны хөгжмийг Юзуру Хисайши (aka Joe Hisaishi) бүтээсэн. Хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэгийн хувьд дэлхийн олон оронд одоог хүртэл гарсаар байгаа, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан юм байна. Нэрийг нь орон болгонд янз бүрээр орчуулсан байдаг. Чихирогийн адал явдал, Сүнсний оронд, Чихирогийн алга болсон нууцлаг явдал гэх мэт.
Киноны үйл явдал Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр эхэлдэг. Тэнд аав ээж 2 нь гахайн дүрд хувирч, Чихиро өөрөө сүнсний хотхонд амьдрахаас аргагүйд хүрнэ. Аав, ээжийгээ буцааж авчрах, жинхэнэ нэрээ сэргээх гээд адал явдал үргэлжилдэг. Сэн бол сүнсний орны авхайн түүнд оноож өгсөн нэр, Сэн тэр хотхоны буудлын ажилчид шиг үдшээс өглөө болтол ажиллана. Харин өдрийн цагаар тэд бүгд унтдаг. Тэр шинэ найзууд, бас Хаку - гол, горхины сахиус буюу цагаан луутай нөхөрлөнө.
Чихирогийн урьдын тэнэг эрх зан, сул дорой байдал өөртөө итгэлтэй, зоригтой бас хүчтэй чанараар аажимдаа солигддог. Бүх бэрхшээл өөрийн өмнө тулгарвал ямагт давж гарахын төлөө бүх чадлаа дайчлах ёстой гэдгийг ухаарна. Хүний хүсэл, шунал хязгааргүйг батлан амттан, хоолонд хэт автан дурласнаас гахайн дүрд хувирсан ээж, аавыгаа аврахын төлөө бүхнийг хийж, бас ч үгүй түүний хажуугаар найз нөхрөө аюулаас аврах нинжин сэтгэл, жаахан биеэс гарамгүй хүч чадал гээд Чихирогийн дүрээс та өөрийгөө бас хүүхэд насаа олж харах шиг л болно доо.
Кино тэр чигээрээ зүүд мэт, айдас, аюул, уйтгар гуниг, хөөр баярыг бүгдийг нь мэдрүүлнэ. Шударга үнэн, худал хоосны аль нь үнэтэйг дахин сануулсан болохоор киног хэд ч үзээд уйдамгүй.
Эх сурвалж: Амирлан блог